Дархлаажуулалтын тухай 10 баримт

Нийтэлсэн 2018 оны

Дархлаажуулалтаас илүү үр дүнтэй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх дан ганц интервенц байхгүй гэдэгтэй маргах шаардлагагүй. 

Олон тооны халдварт өвчин, тэр тусмаа зарим төрлийн архаг хууч эмгэгтэй тэмцэа сэргийлэх үйлсэд оруулсан вакцин ба дархлаажуулалтын хувь нэмрийг цаг хугацаа, дэлхий дахин нэгэнтээ нотлон харуулаад байгаа билээ. 

Дархлаажуулалтанд хамрагдах байдлыг өргөжүүлэх нь Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-ыг хангах нэг үндсэн арга зам юм. Дархлаажуулалт нь суулгалт, улаанбурхан, хатгалгаа, халдварт саа, хөхүүл ханиад зэрэг өвчнүүдээс сэргийлээд зогсохгүй, мөн түүнчлэн улс үндэстний боловсрол, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг. 

Вакцины харьцуулшгүй ач холбогдол дээр үндэслэн, Вакцины Декад гэдэг дэлхий  нийтийн санаачлагыг 2010 онд хуралдсан дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар байгуулан, улмаар 2020 он гэхэд дархлаажуулалтын үр шимийг бүх нийтэд хүртээх зорилт дэвшүүлсэн. Уг санаачлагыг Засгийн газрууд талархалтайгаар хүлээн авч, 2012 онд хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулга уулзалтаар 194 гишүүн орон Вакцины талаар баримтлах Дэлхий Дахины Төлөвлөгөөг хэлэлцэн баталснаар, 2020 он гэхэд тарилгатай халдварт өвчний шалтгаант хэдэн сая нас баралтаас сэргийлэх үйлсийн эхлэл тавигдсан билээ.

Вакцины талаар баримтлах Дэлхий Дахины төлөвлөгөө нь дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, тарилгатай халдварт өвчнийг хяналтанд авах үйл явцыг эрчимжүүлэх, шинэ вакцин нэвтрүүлэх, вакцин ба технологийн дараа дараагийн шинэ үе шатны судалгаа шинжилгээний ажлуудыг хэрэгжүүлэх гэсэн үндсэн зорилгуудтай. 


Дархлаажуулалт нь жилд дунджаар 2-3 сая эндэгдлийг урьдчилан сэргийлж байна.

Дархлаажуулалт нь бүхий л насны хүн амыг суулгалт, татран, хөхүүл ханиад, улаанбурхан өвчний улмаас нас барахаас сэргийлж байна. Энэ бол хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжиж буй нийгмийн эрүүл мэндийн интервенц юм. Хэрэв дархлаажуулалтын хамралт дэлхий дахинд сайжирвал, нэмээд 1,5 сая эндэгдлийг ч сэргийлэх боломжтой гэж үздэг.

Өнөө цагт дэлхий дахинаа өмнөхөөс илүү олон хүүхэд дархлаажуулалтанд хамрагдах болсон.

2016 оны байдлаар, нэг хүртэлх насны 116,5 сая (ойролцоогоор 86%) орчим хүүхэд Сахуу-Хөхүүл ханиадн-Татрангийн эсрэг вакцины 3 тунг авсан байгаа нь тэдгээр хүүхдүүд дээрх 3 өвчнөөр өвдөх, эндэхээс хамгаалагдсан гэсэн үг юм.

Нэг хүртэлх насны 19,5 сая хүүхэд СХТ вакцинд хамрагдаагүй байна

Дээрх хүүхдүүдийн 60% нь нэр бүхий 10 улс оронд амьдарч байна: Ангол, Бразил, Бүгд Найрамдах Конго улс, Этиоп, Энэтхэг, Индонез, Ирак, Нигр, Пакистан, Өмнөд Африк.

Вакцины судалгаа шинжилгээний салбарт томоохон ахиц дэвшлүүд гарсаар байна.

Цөөн тооны зарим улс орнууд денги өвчний эсрэг вакцин хэрэглэх зөвшөөрлийг олгоод байна, мөн түүнчлэн хумхаа өвчний эсрэг анхны вакциныг Африк тивийн 3 оронд хэрэглэхээр төлөвлөөд байна. Клиник туршилтын шатандаа байгаа мөн тодорхой тооны шинэ вакцинууд ч байна.

Дархлаажуулалтын ачаар А хүрээний менингит өвчний дэгдэлт Африк тивд устаад байна.

Менингитийн А хүрээний нян нь тархийг гэмтээн, үхэлд хүргэдэг халдвар юм. Уг нянгийн эсрэг вакциныг 2010 онд бүтээн, хүн амыг дархлаажуулсны үр дүнд “менингитийн бүс” гэгддэг Африк тивийн 26 улс оронд А хүрээний менингит өвчин устаж үгүй болоод байна. Улмаар менингитийн вакциныг тэдгээр улс орнууд дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулан хэрэглэж байна.

Улаанбурхан өвчний шалтгаант нас баралт дэлхий дахинаа 84%-иар буураад байна.

Улаанбурхан нь вирүсээр үүсгэгддэг, халдварт өвчин бөгөөд өндөр халуурах, тууралт гарах шинж тэмдгээр илэрч, улмаар сохрол, энцефалит, үхэлд хүргэхүйц хор уршигтай. 2000 он бүртгэгдэж байсан 550,000 нас баралттай харьцуулахад улаанбурхан өвчний шалтгаант эндэгдэл дэлхий дахинаа 84%-иар буюу 2016 онд 89,780 болтлоо буурчээ. Үүнд дархлаажуулалт голлох үүрэгтэй.

Америкийн бүс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон болохоо албан ёсоор зарласан.

2016 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Америкийн бүс нь улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон, анхны бүс нутаг болсон хэмээн албан ёсоор зарлан тунхагласан. Энэхүү амжилт нь улаанбурхан, улаанууд, гахайн хавдар өвчний эсрэг вакцинаар бүс нутгийнхаа хүн амыг дархлаажуулах тактикийг сүүлийн 22 жилийн амжилттай хэрэгжүүлсний үр дүн юм.

Халдварт саа өвчнийг устгахад тун ойрхон байна.

2016 оны байдлаар, өмнөх он жилүүдтэй харьцуулахад хамгийн цөөн тооны хүүхэд халдварт саагийн вирүсийн улмаас саажсан гэсэн тоо мэдээ байна. Өнөөгийн байдлаар уг вирүс Пакистан, Афганистан, Нигр улсуудын тодорхой газар нутгуудад тархсан байна. Халдварт саагийн зэрлэг омгийн 3 төрлийн вирүсийн 2-ынх нь тархалтыг таслан зогсоогоод байгаа бөгөөд Энэтхэг болон ДЭМБ-ын Зүүн-Өмнөд Ази бүсийн улс орнууд халдварт саа өвчнийг устгасан болохоо зарласан, Газар Дундын Тэнгис болон Африкийн Эвэр улсад 2013-2014 онуудад дэгдсэн полиогийн дэгдэлтийн тархалт зогсоод байна.

Эх нярайн татран өвчний тархалтыг ДЭМБ-ын Америк ба Зүүн-Өмнөд Азийн бүс нутгийн улс орнууд таслан зогсоогоод байна.

2016 онд ДЭМБ-ын Зүүн-Өмнөд Азийн бүс эх нярайн татран өвчний тархалтыг таслан зогсоосноор дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг уг бүс нутаг Европын бүсийн дараа эх нярайн татран өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын 2 дахь бүс нутаг ийнхүү болсон. Улмаар 2017 онд ДЭМБ-ын Америкийн бүс нутаг 3 дахь бүс болсон тухайгаа зарласан билээ. Татран өвчнийг бүрэн устгах боломжгүй учир нь өвчний үүсгэгч гадаад орчин, хөрс болон олон төрлийн амьтдын өтгөн ялгадаст хадгалагддаг. Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд төрөх, татран өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах замаар уг өвчнөөс сэргийлэх боломжтой.

Вакцин нь нянгийн тэсвэржилттэй тэмцэх тэргүүн эгнээний арга хэрэгсэл юм. Vaccines serve as a frontline defence against antimicrobial resistance

Нянгийн тэсвэржилттэй тэмцэхэд вакцин тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Антибиотикийг хэтрүүлэн эсвэл буруу хэрэглэснээс үүдэлтэй эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдэх өвчлөл сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ихэсч байгаа нь нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй томоохон асуудал болоод байна. Вакцинжуулалт нь хүн амьтдыг халдварт өртөх, улмаар антибиотик хэрэглэхээс сэргийлдгээрээ ач холбогдолтой. Вакцины зах зээлд одоо байгаа вакцинуудыг зохистой хэрэглэх, шинэ вакцин бүтээх үйл явц нь нянгийн тэсвэржилттэй тэмцэх, сэргийлж болохуйц өвчлөл эндэгдлээс сэргийлэх чухал арга зам болоод байна.