Дархлаажуулалтыг хүн бүрт: Хүүхэд бүрийг хамгаалах Монгол Улсын хүчин чармайлт

4 September 2025
Feature story

Монгол орны зүүн урд хэсэгт орших Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үдийн нар ид шарж байхад сумын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын баг шороо тоос боссон замаар нутгийн нэгэн айлын зүг хөдөллөө. Айлд ороход ач охиноо тэвэрсэн эмээ биднийг угтаж авсан бөгөөд хоёр настайд хийгддэг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин болон А вируст гепатитын эсрэг вакцины хоёр дах тунгуудыг хийлгэхээр хүлээж байв. Жаахан охин вакцин хийлгэхдээ тун зоригтой байж, уйлсангүй. Эмээгийн царайд инээмсэглэл тодорч байлаа.

Охин өрхийн эрүүл мэндийн төвд очиж вакциндаа хамрагдаж чадаагүй учраас гэрээр ирж вакциныг хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам тайлбарлав.  “Энэ бол дархлаажуулалтаас нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байхын төлөө бид хэрхэн ажилладгийг харуулж буй жишээ” гэдгийг нэмж хэлэв. 

Борхойн-Наран ӨЭМТ-ийн эмч Баярмаа, вакцинатор сувилагч Мөнхжаргал нар товлолын дархлаажуулалтыг гэрт нь очиж хийж байна. Зургийг: ДЭМБ

ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте хэлэхдээ, “Хүүхэд бүрийг вакцинд хамруулахын төлөө айлуудаар явж, чин сэтгэлээсээ ажилдаа хандаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг харахад надад маш их таатай байна. Энэ үйл ажиллагаа бол хүүхдийн амь насыг хамгаалж, аюулгүй ирээдүйг бий болгох нийгмийн эрүүл мэндийн интервенц юм."

ЭМЯ болон ДЭМБ-ын хамтарсан баг явуулын дархлаажуулалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа харж байгаа нь. Зургийг: ДЭМБ    

Эрүүл мэндийн төвд очиж вакцинаа хийлгэх боломжгүй хүүхдийг гэрт нь очиж дархлаажуулах үйл ажиллагаа улс орон даяар хийгддэг бөгөөд энэхүү явуулын дархлаажуулалтын үйл ажиллагаа нь “Хаана байгаагаас үл хамааран айл бүрт амь насыг хамгаалагч вакциныг авчирч, олон нийтийн дэмжлэг оролцоотойгоор тэдний итгэлийг бий болгох” гэсэн 2025 оны Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн гол үзэл санаатай яв цав нийцэж байгаа юм.  

Бат бөх суурь, итгэлийг дахин олж авах нь

Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр Монгол улсад маш амжилттай хэрэгжсээр ирсэн. Ковид-19 цар тахлын үед ч Монгол улс товлолын дархлаажуулалтын хамралтыг 95%-иас дээш түвшинд байлгаж чадсан нь анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, явуулын дархлаажуулалтын тусламж үйлчилгээ, ДЭМБ, НҮБ ХС болон Вакцин дархлаажуулалтын глобал альянс зэрэг түнш байгууллагуудын хүчин чармайлтын үр дүн билээ.

Гэвч вакцины чанар, аюулгүй байдалтай холбоотой буруу ташаа, хуурамч мэдээлэл хүн амын вакцинд итгэлийг бууруулсаар байна. Үүний тод жишээ бол хүний папилламовирусийн халдвар (ХПВ)-ын эсрэг вакцинжуулалт юм. Монгол улс 2024 онд ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтыг хийж эхэлсэн бөгөөд 11 настай охид, хөвгүүдийн 75%-ийг хамруулахаар төлөвлөсөн боловч нийт хамрагдвал зохих хүүхдүүдийн 55,1%-ийг хамруулсан.

Ийм учраас 2025 онд ЭМЯ болон түнш байгууллагууд хамтран хамралтыг нэмэгдүүлэх стратегиа өөрчилсөн. Шинэ стратегийн хүрээнд эрүүл мэндийн ажилчдыг чадавхижуулах, олон нийтэд хүрч ажиллах чиглэлээр олон ажлуудыг хийж байна.

Энэ жилийн дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд олон нийтийн санаа бодлыг сонсох, нотолгоонд суурилсан мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх талаар сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулав. Улсын хэмжээнд олон нийтэд хүрч ажиллах ажлуудыг зохион байгуулж байна. Эдгээр үйл ажиллагааны хүрээнд олон нийтэд танигдсан эмч, эрүүл мэндийн ажилчид эцэг эх, асран хамгаалагчидтай уулзах, тэдний санаа бодлыг сонсох, асуултад хариулах зэргээр мэдээлэл солилцсон юм.  

“Манай 11 настай хоёр ихэр ач хүү энэ жил 11 нас хүрч байгаа” хэмээн Дорноговь аймагт болсон өдөрлөгийн үеэр нэгэн эмээ хуучлав. ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хүүхдүүдийн маань ирээдүйд маш чухал ач холбогдолтойг энэ өдөрлөгөөс ойлголоо. Тиймээс хүүхдүүдээ энэ вакцинд хамруулна“ гэж шийдсэнээ хуваалцав. 

Вакцины талаар үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээх, олон нийтийн санаа бодлыг сонсох зорилготой өдөрлөг орон даяар явагдаж байна. Зургийг: ДЭМБ

ХПВ-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхийн тулд хүн амд үнэн зөв мэдээ мэдээлэл түгээх, сургалт, өдөрлөг зохион байгуулах зэрэг арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг ЭМЯ-ны халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд онцолсон юм.

Талбарт ажиллаж, дэмжлэг үзүүлэв

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног болон үндэсний дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын хамтарсан баг вакцинжуулалтын хамралт бага байгаа Дорноговь, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгуудад ажиллав. Эдгээр аймгуудад товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, тэр дундаа улаанбурхан, ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэв.

Хамтарсан баг аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, эрүүл мэндийн төвүүдэд ажиллан, эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, олон нийтэд зорилусан өдөрлөгт оролцлоо. Энэхүү газар дээрх мэргэжил аргазүйн дэмжлэгийг улаанбурханы дэгдэлтийн ид оргил үед буюу 2025 оны 6-р сард 7000 орчим тохиолдол бүртгэгдээд байх үед үзүүлсэн нь цагаа олсон арга хэмжээ байлаа. 

Хамтарсан баг ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн ажилчдад сургалт зохион байгуулж байна. Зургийг: ДЭМБ

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Батцэцэг улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон ХПВ-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын явцыг танилцуулах явцад хамтарсан багийн мэргэжилт аргазүйн дэмжлэгийн чухлыг онцлов.

Тэрээр газар дээр нь ирж тусламж дэмжлэг үзүүлж байгаа нь маш чухал болохыг онцлоод цаашид вакцинжуулалтын хамралтыг улсын дунджаас дээш түвшинд хүргэх зорилготой ажиллаж байгаа талаар дурдав.

Хамгийн алслагдсан хүн амд тусламж үйлчилгээг хүргэв

Говьсүмбэр аймагт гурван хүүхдийн ээж Цэрэнчунттай уулзаж ярилцав. Хавар мал төллөөд, ид ажилтай байдаг энэ үед өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар манайд ирж бидэнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байгаад их талархаж байна. Манай хүүхдүүд вакциндаа тогтмол хамрагддаг болохоор өвдөх нь бага байдаг. Тиймээс би эцэг эхчүүдэд хүүхдээ цаг хугацаанд нь вакцинд нь хамруулж байгаарай гэж хэлмээр байна. 

Говьсүмбэр аймгийн Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Агирмаа, сувилагч Бямбаа нар хүүхдэд товлолын вакциныг хийж байна. Зургийг: ДЭМБ

Түүний хэлсэн зүйл бол өргөн уудам газар нутагтай хүн ам нь тархай бутархай суурьшсан Монгол улсын хувьд дархлаажуулалтын тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй зохион байгуулахад тулгардаг бэрхшээлийг тодхон харуулж байв. Гэвч дархлаажуулалтын явуулын баг, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, бичил төлөвлөлтийн үр дүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.  

Товлолын дархлаажуулалт үнэ төлбөргүй хийгддэг бөгөөд өөрт хамгийн ойр байрлах сум болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан хийлгэх боломжтой. Улсын хэмжээнд 600 гаруй дархлаажуулалты нэгжээр дамжуулан вакцинжуулалт хийгддэг бөгөөд товлолын дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд явуулаар дархлаажуулалтыг зохион байгуулдаг.

Эрүүл мэндийн салбараараа улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг зогсож байна

Монгол улсын засгийн газар 2022-2025 оны хооронд  хэрэгжүүлэх халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний төлөвлөгөөний хүрээнд дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

“Вакцинжуулалт нь эрүүл мэндийн тогтолцооны суурь болоод хүн амын өвчний эсрэг тэсвэрлэх чадамжийг бэхжүүлдэг. Өөрөөр хэлбэл — өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтээр дархлаажих, эрүүл мэндийн байгууллагын ачааллыг бууруулах, эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулах, хүн бүрийн сайн сайхан байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй гэж ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч доктор Сокорро Эскаланте хэлэв.  ДЭМБ улс орнуудад вакцинжуулалтын стратегийг боловсруулах болон вакцинжуулалтын үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн, вакцинжуулалтын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгахын төлөө ажилласаар байна”

ДЭМБ нь Вакцин дархлаажуулалтын глобал альяанс байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлэх нэгдсэн төлөвлөгөө, бичил төлөвлөлт, эрсдэлийн үеийн менежментийн төлөвлөгөө, эрүүл мэндийн ажилчдад зориулсан сургалтын багц, гарын авлага материалыг боловсруулах зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 10 гаруй удаагийн сургалтыг зохион байгуулаад байна.

ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэх үеийн дэмжлэгээс гадна нэвтрүүлсний дараах үнэлгээг хийхэд ДЭМБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Вакцинжуулалтаар дамжуулан хүүхэд бүрийг хамгаалах эрхэм зорилго нь дэлхийн болон үндэсний дархлаажуулалтын 7 хоногоор хязгаарлагдахгүй үргэлжилсээр байна. Засгийн газрын манлайлал, эрүүл мэндийн ажилтнуудын чин сэтгэлийн зүтгэл, иргэдийн оролцоонд тулгуурлан “Дархлаажуулалтыг хүн бүрт” зорилгын төлөө Монгол Улс тууштай урагшилж байна.